
Mar 1, 2023
Big Mogul Trans
Монгол Улсын экспорт импортын дүнгээс 3835.9 сая ам.доллароор давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа
2022 онд Монгол Улсын экспортын орлого 35.7 хувиар өссөнөөр импортын орлогоос давж, худалдааны тэнцэл 3.8 тэрбум ам.долларын ашигтай гарлаа. Харин гадаад худалдааны эргэлт 21.2 тэрбум ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 32.1 хувиар өссөн байна.
2022 онд нийт 31.7 сая тонн нүүрс экспортолж, гүйцэтгэл төсвийн тодотголтой харьцуулахад 143.4 хувьтай байлаа. 2022 онд 35 орчим сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч төсвийн тодотголоор нүүрсний экспортын зорилтот хэмжээг бууруулж, 18 сая тонн болгосон юм.
Мөн зэсийн баяжмалын экспорт 2021 оны мөн үетэй харьцуулахад 170.8 мянган тонноор өссөн ч зэсийн үнэ унаснаар үнийн дүн нь 165 сая ам.доллароор буурчээ.
2023 онд “Оюутолгой” төслийн гүний уурхайн олборлолт бүрэн эхэлж, хил нээгдсэнээр зэсийн экспорт сэргэх төлөвтэй байна.
Харин хилийн нөхцөл байдлаас шалтгаалаан нефть болон төмрийн хүдрийн экспорт буурсан байна.
2022 онд боловсруулаагүй нефтийн экспорт 2.6 сая баррель болж өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.7 сая баррелиар буурчээ. 2022 онд нэг баррель нефтийн дундаж үнэ 62.9 ам.доллароос 92.8 ам.доллар болж өссөн байна.
Мөн төмрийн хүдрийн экспорт 4.7 сая тонн хүрч, 2021 оны дүнгээс 2.4 сая тонноор буурлаа. Экспортын дундаж үнэ 82.6 ам.доллар болж өнгөрсөн оны мөн үеэс 51.4 ам.доллароор буурсан байна. Төмрийн хүдрийг 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.
Түүнчлэн нийт импортын 35 хувийг БНХАУ-д нийлүүлсэн бол 30 хувийг ОХУ худалдан авчээ. Өөрөөр хэлбэл дайны нөхцөл байдлаас шалтгаалан Европын орнуудын тээврийг хязгаарлаад байгаа ОХУ Монгол Улсын импортын гуравны нэг орчмыг хангасан хэвээр байгаа юм.